Friday, November 7, 2008

Хүннүгийн үеийн булш олджээ

Монгол нутаг нүүдэлчдийн археологийн дурсгалт баялгийг өлгий гэгддэг. Манай улсад археологийн шинжлэх ухаан 1949 оноос үүссэн гэдэг. Археологи бол урт удаан хугацааны дараа үр дүн нь гардаг шинжлэх ухаан. Манай улсад археологийн судалгаа явуулах их нөөц байгаа. Хятадын Хан улстай эн зэрэгцэх хүчирхэг гүрнийг байгуулж байсан Хүннү улсын археологийн судалгаа сүүлийн жилүүдэд нэлээд эрчимтэй өргөжиж эхэлсэн. Дэлхийн олон орны археологичид Монгол руу анхаарлаа хандуулж буй. Манай улс археологийн салбарт Орос, Франц, Герман, Солонгос зэрэг арав гаруй оронтой хамтран төсөл хэрэгжүүлж байна.

Германы археологийн хүрээлэн манай архилогичидтой хамтран өнгөрсөн жил Монгол Алтайд 3000 жилийн өмнөх үед холбогдох "Мөсний хүн"-ий булш олсон нь дэлхийн археологийн түүхэнд "алтан" үсгээр тэмдэглэх үйл явдал болсон юм. Уг олдворыг малтаж гаргасан тэр нутагт манай улсын Еренхийлөгч Н. Энхбаяр очиж танилцаж байсан. Цэвдэгтэй хөрсөнд хэдэн мянган жил тайван нойрссон олдвор бүрэн бүтэн эдлэл хэрэглэлтэй байсан төдийгүй уг хүний яс арьс, махны үлдэгдэлтэй олдсон нь шинжлэх ухаанд үнэлж баршгүй завшаантай хэрэг болсон билээ.

Дэнгийн суурь"Мөсний хүн"-ий булшийг Германы археологийн хүрээлэнгийн лабораторид нарийвчилсан судалгаанд оруулж тал талаас нь сонирхож буй. Уг судалгааны дүнд булшнаас олдсон хүн ямар өвчнөөр өвдөж байсныг хүртэл мэдэх боломжтой гэнэ. Үүнээс гадна Монгол, Германы археологичид Монголын эртний нийслэл Хархорум хотын ордны сууринд малтлага хийж Амарбаясгалант хийдийн дараа орох том сүмийн туурь олсон. Монгол Улсын ШУА, Германы Боннын их сургууль хамтран "Монгол дахь Археологийн судалгаа" сэдэвт олон улсын анхдугаар онол, практикийн хурлыг зохиож байгаа нь манай археологийн хөгжилд багагүй нэмэр болж байгаа. Саяхан Германы археологийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Герман Парцингер Монголд зочилж Германы археологийн төвийг Улаанбаатар хотноо уржигдар нээсэн. Тус төв цаашид Орхоны хөндий дэх Уйгарын Хар балгасыг судлах, археологийн судалгаа малтлага хийхээр төлөвлөсөн байна.

Монголын үндэсний түүхийн музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн, БНСУ-ын үндэсний музей хамтран 1997 оноос эхлэн археологийн "Мон-Сол" төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Төсөл өнгөрсөн арван жилийн хугацаанд Өглөгч голын дурсгал, Морин толгой, Худгийн толгойн Хүннүгийн үеийн булшийг судалсан төдийгүй судалгааны үр дүнг тайлагнасан таван боть ном хэвлүүлжээ. Монгол, Солонгосын шинжилгээний анги сүүлийн хоёр жил Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг нарс хэмээх газар малтлага судалгаа хийсэн нь олны анхаарлыг татаж байна. Дуурлиг нарс нь Чингис хааны төдийгүй Хүннүгийн олдворт зургаан том газрын нэг юм. Шинжилгээний анги уг газраас Хүннүгийн язгууртны том хэмжээний булш нэг, дагуул жижиг булш хоёрыг олжээ. Том булш нь 11x9 метрийн хэмжээтэй, өмнө талдаа 15 метр урт үүдэвчтэй байжээ.

Төмөр сав, эдлэлБулшны хойд талын хананд адуу, хонь, ямаа зэрэг арваад малын толгой, мөчийг тахилын идээ бопгон тавьж байрлуулсан нь сонин. Бас тэр булшнаас улаан өнгөөр лакадсан, нимгэн алтан ялтсаар чимэглэсэн авс гарсан нь томоохон язгууртны булш болохыг илтгэж байгаа аж. Мөн морин тэрэгний хэрэгсэл, төрөл бүрийн төмөр болон хүрэл эдлэл, амгай хазаар, хүзүүний зүүлт, даавуу эдлэл, том ваар, мөнгөн халбага олджээ. Уг булшнаас олдсон гурван хөлтэй хүрэл дэнгийн суурь өмнө нь Хүннүгийн үеийн ямар ч булшнаас гарч байгаагүй гэдгийг судлаачид ярьж байсан. Ийм хүрэл дэн нь Хан улсын үеийн булшнаас ихэвчлэн гардгийг тэд онцолсон. Том булшны хажуугийн дөрвөлжин хэлбэртэй хоёр жижиг булшнаас хүрэл тогоо, алтадсан бүс, лакадсан эдлэл, ваар олджээ.

"Мон-Сол" төслийн удирдагч, археологич Юн Хён Вон эртний нүүдэлчдийн зан үйлийг суурин Солонгосын соёлтой харьцуулан судалж байгаа аж. Энэхүү ховор олдворыг Солонгос улс руу илгээж судалгаанд оруулах юм байна. Ер нь манай улс археологийн нарийн багаж төхөөрөмж, лаборатори байхгүйгээс олдвороо ихэвчлэн гадаадын аль нэгэн улс руу явуулчихдаг нь зөв үү, буруу юу. Гадагшаа гаргаж байгаа түүх соёлын дурсгал эргэж ирэх болов уу гэсэн эргэлзээ хүн бүхэнд төрдөг. Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж хэлэхдээ, - Соёлын өвийг хамгаалах хуулинд түүх дурсгалын өв, олдворыг гадаадад нэг жилийн хугацаагаар шинжилж судлуулах хуулийн заалт байдаг. Уг хуульд зааснаар археологийн олдворыг гадаадын лабораторид шинжлүүлээд буцаан авдаг гэсэн юм.

Эх сурвалж: О.Гэрэлмаа http://origo.mn/24tsag/2007/08/23/9116

No comments: