Monday, November 3, 2008

Хүннү?

Гайхалтай өргөн уудам талбар

      Төв Азийн тал хээрийн нүүдэлч түмний нэгэн хэсэг бол нэгэн хэсэг болох Хүннү нар МЭӨ 4 дүгээр зуунд анх түүхэнд тэмдэглэгдэх болж, МЭ-ний 2 дугаар зуун хүртэл хүчирхэг гүрэн байв. Тэд холбооны улс байгуулж, Хятадад удаа дараа заналхийлэгч эрэмгий морьтнууд байсан бөгөөд угсаа гарал нэгт хүн нараар дамжуулан Европ хүртэл хүчин чадлаа дэлгэрүүлсэн билээ.
Нэгэн мянганы хагас хүртэлх хугацаанд Өмнөд Буриадаас Умард Хятад хүртэлх өргөн уудам нутаг, өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрт тэд төвлөж байв. Энэхүү нутаг нь нуур устай, хээр тал, говь, хангай хосолсон нутаг билээ.


Онцгой хэлбэрт аж амьдрал


      Эртний Хятадын түүхч Сыма Цянь МЭӨ 1 дүгээр зуунд хүннү нарын амьдрал ахуйг тэмдэглэн бичихдээ: “Тэд олон тооны адуу, үхэр, хонь, ямаанаас гадна тэмээ, илжиг, луус, хайнаг, сайн үүлдрийн азрага, одой морь зэрэг ховор мал өсгөдөг” гэжээ. Эдгээр малын дотроос тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан нь адуун сүрэг бөгөөд адуу нь гол төлөв нүүдэл суудал, дайн байлдааны үндсэн хөсөг, мөн худалдаа солилцоонд арилжааны хэрэглүүр болж байжээ. Сыма Цянь мал өсгөх аргачлалын хувьд улирлаар нутаг сэлгэн нүүдэллэдэг хэмээн тэмдэглэжээ. Малыг хүнсний эх үүсвэр болгохоос гадна арьс шир, ноос ноолуурыг нь ахуйн хэрэглээндээ ашигладаг байжээ.


Хүннүгийн угсаа гарал


      Хүннүгийн угсаа гарлын тухай асуудал ихээхэн сонирхолтой хэдий ч өнөө хир тодорхой бус байна. 8-аас 3 дугаар зууны хоорондох олон соёлын уламжлалаар, тухайлбал оршуулгын зан үйлийг харьцуулан судласнаар тодорхойлж болох боловч өдгөө хангалттай баримт бүрдээгүй байна.


Тогтворгүй түүх


      Эртний хятадын түүхчдийн тэмдэглэлд энэ талаар тодорхой хэмжээний мэдээлэл үлдсэн байдаг. МЭӨ 4 дүгээр зууны үеэс Хятадын умард хэсэгт орших нүүдэлчин овог аймгуудын тухай тэмдэглэгдэх болсон бөгөөд хятадууд тэднийг байнга мөрдөн мөшгөж байжээ. Нүүдэлчдийн довтолгооноос хамгаалахын тулд хятадууд хэрэм бэхлэлт барьж эхэлсэн байна. МЭӨ 221 оны үед анхны эзэн хаан эдгээр хэрмүүдийг нэгтгэн нийлүүлэх шийдвэр гаргажээ. Ийнхүү Цагаан хэрэм баригдаж эхэлжээ... Гэсэн хэдий ч хэрэм бэхлэлт нь нүүдэлчдийн довтолгооноос бүрэн хамгаалж чадахгүй байсан учир анхны эзэн хаан өөрийн жанжин Менг Тианд хэрэм хамгаалах зарлиг буулгажээ. Тэрбээр 214 онд Хүннү нарын тэргүүн шаньюй Түмэнг ялжээ. Түүнийг ууган хүү Модунь нь залгамжлан 174 он хүртэл хаан суусан бөгөөд энэ үед хүннү нар хөгжлийнхөө оргилд хүрсэн билээ. Энэхүү амжилтад хүрэхийн тулд овог аймгуудын тэргүүлэгчдэд хандах эзэн хааны гэр бүлийн нөлөөг эрчимжүүлж цэргийн төмөр мэт хатуу сахилга батыг бий болгожээ. Модунийг хүү Лаошань нь залгамжилжээ. Тэрбээр олон овог аймгуудыг хүчирхэг улс болгон нэгтгэж, Хан улстай эн зэрэгцэхүйц гүрэн хэмээн хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Хан улс нүүдэлчдийн үргэлжийн дээрэм, тонуулаас зайлсхийхийн тулд хүннү нарт зориулан газар тариалангийн гаралтай хоол хүнс, үйлдвэрийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр 152 онд эзэн хаан Синди хилийн дагуу зах нээн ажиллуулжээ. Эзэн хаан Вудигийн үе буюу 129–119 оны хооронд хятадад ашигтай энэ худалдаа үргэлжилж, Хан улсын цэргүүд нүүдэлчдэд ноцтой гамшиг учруулсан. Түүнчлэн 109 онд Хан Улс Луулан улсыг, дараа нь 101 онд Ферган улсыг эзэлж Хүннү нарыг зүүн талын худалдааны гол түншээс нь тусгаарлажээ.

      Вудигийн засаглалын эцсээр Хүннү нар давуу байдлаа эргэн олж авчээ. Тэд 90 онд хятадын армийг бут цохиод дараа нь Хан улсын эзэмшилд довтлоход нь хятадууд хойргохон хариу өгснөөр санаагаа амрааж байжээ. Гэлээ ч засаг төр доторхи дотоодын үймээн самуун хүннү нарын хүч чадлыг доройтуулж энэ байдал МЭӨ I зуунд ч үргэлжилсээр байв. Холбоотон нь байсан Вузун нар 80 онд хятадын талд орж, дараа нь Динглинь Вухуан нар 72 онд самуун дэгдээв. Мөн 62 онд хятадын армиас шинэ цохилт хүлээв. Эцэст нь хаан ширээний төлөө тэмцэлд Хүннү нар Чжичжигийн удирлага дор Умардын нутгийнхныг нэгтгэсэн болон нөгөө нь түүний ах Хуханьегийн удирдлага дор Өмнөд хэсгийг нэгтгэсэн хоёр хэсэгт 57 онд хуваагдсан болно. Хуханье Ханчуудаар хамгаалуулахаар 57 онд ивээлд нь оров. Тэрбээр 51 онд Ханчуудын нийслэл Шанганд ихээхэн баяр ёслолтой угтуулан эзэн хааны харъяат болов. Чжичжигийнхний хувьд өрнө зүгт нүүдэллэцгээсэн бөгөөд тэргүүн нь алуулсан учир 48 оноос Хуханье Умард Хүннүг эзлэв. 33 онд Хуханье хятадын гүнжтэй гэрэлснээр хятаджих нөлөө хүчтэй явагдсан. МЭ-ний 1 дүгээр зуунд Хүннү гүрэн задрах явц идэвхжиснээр хятадуудтай харилцах харилцаа улам бүр доройтсон. 89 онд Ханчууд Умард Говьд Хүннүтэй тулалдаж тэдэнд том ялагдал учруулсан юм. Умард Хүннү нар өөр нэг нүүдэлчин түмэн болох Сяньби нарын цохилтод автан 151 онд мөхсөн. Өмнөд Хүннү нарын хувьд 2 дугаар зууны сүүл, 3 дугаар зууны эхэнд тэд Хятадын Шаньси орчимд суурьшин төрийн зарим тэргүүн нь өөрсдийгөө Модуний шууд үр сад хэмээн зарласан богинохон наст улс байгуулж байжээ.

Эх үүсвэр: http://www.archaemongolia.com/mn/xiongnu

No comments: